ҮҮСЭЖ ХӨГЖСӨН ТҮҮХ

1940 оныд Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн Хорооны дэргэд биеийн тамирын асуудал эрхэлсэн орон тооны зааварлагчтай болж ажилласнаар, Өмнөговь аймагт Биеийн Тамир Спортын салбар төрийн байгууллагын нэг болж үүсэж, хөгжих эхлэл сууриа тавьж, 1984 онд Аймгийн АДХурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Биеийн Тамир Спортын хэргийг эрхлэх хороог байгуулснаар БТС-ын удирдах байгууллага үүссэн түүхтэй.

1950 –иад оноос хүмүүсийн БТСпортод оролцох оролцоо өсөн нэмэгдэж, олон нийтийг хамарсан БТС-ын арга хэмжээ олноор зохиогдож иржээ. Энэ үед төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал, Ц.Лувсандаш, Д.Лочинсүрэн, Наямдорж, Ц.Далай ахлагчтай Цана, Дугуйны аялал зохион явуулж биеийн тамирын ач холбогдлыг ухуулан сурталчилж, хөдөлмөрчдөд лекц яриа хийж, биеийн тамирын тэмцээн уралдаануудыг явуулах болжээ. Өмнөговь аймгийн баг тамирчид Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Улаанбаатар хотод Үндэсний бөх, Хөнгөн атлетик, Волейболын төрлөөр анх удаа оролцож байжээ. 1959 онд Даланзадгад хотыг бүтээлч хөдөлмөрчдийн, хөдөлмөрөөр 300 хүний суудалтай Спортын заал, 1960 онд 5000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд оруулсан нь Өмнөговь аймгийн хөдөлмөрчид БТСпортоор хичээллэх таатай нөхцөл бололцоогоор хангагдаж, материаллаг баазын хувьд улсад “тэргүүлэх” байр суурь эзэлсэн юм.

Аймгийн үе үеийн удирдах албанд ажиллаж байсан хүмүүс, төр захиргааны байгууллагын зүгээс БТС-ын материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарал тавьж, 1977 онд 700 хүний суудалтай орчин үеийн шаардлага хангасан спортын ордон барьсан нь Өмнөговь аймгийн тамирчдыг спортоор хичээллэх таатай нөхцөл боломжыг бүрдүүлж, тамирчид амжилтаа ахиулахад чухал ач холбогдол болсон. Одоо 2010 оны байдлаар Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Газар нэртэйгээр үндсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус 3 дасгалжуулагч бүгд 16 хүний ажиллаж байна.